ХАМГААЛАЛТ (#10691)

Эзэн тэнгэр Бурхан минь, Таны алдар нэр бадартугай!  Цаг хугацааг товлож, Сэхээрэлтийн үе мөчийг ирүүлж, газар дэлхий хийгээд тэнгэр диваажин дахь хамаг амьтныг айдас түгшүүрт автуулсан алдар нэрийг тань барин гуйх минь: Таны зүг хандаж, Таны Үйл хэрэгт тусалсан шадар зарц нарынхаа зүрх сэтгэлийг баясгах тэр зүйлийг өршөөлийнхөө тэнгэр, нигүүлсэнгүй зөөлөн сэтгэлийнхээ үүлэн дундаас хур бороо болгон илгээж хайрлана уу. Эзэн тэнгэр минь, шадар зарц, шадар шивэгчин нараа хоосон шохоорхол, дэмий төсөөллийн дайралтаас хамгаалж, ивээл хайрын мутраараа Өөрийн мэдлэг оюуны дөлгөөн ундаргын хувь хэмжээг тэдэнд хүртээж хайрла. 
	Та үнэнхүү Хамгаас хүчтэн, Хамгийн Өргөмжит, Хэзээд Өршөөнгүй, Хамгийн Өгөөмөр билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

ХАМГААЛАЛТ (#10690)

Эзэн тэнгэр минь, мэргэн оюундаа тунгааж, Эх судартаа айлдсан хамгийн сайн сайхан буянаа надад болон Таныг бишрэн шүтэгч олонд айлтгаж хайрлана уу.   Учир нь, бүхий л зүйлсийн заяагдмал хэм хэмжээг Та алгандаа атгасан байдаг билээ. 
Таны хайрыг дээдлэн нандигнасан тэдгээр хүмүүст Та буянт ивээл хишгээ тасралтгүй хайрладаг бөгөөд Таны тэнгэрлэг Эв нэгдлийг таньсан тэдэнд Та хурмастын хишиг ивээлийн гайхамшигт бэлэг тэмдгийнхээ хангалттай арвин хэмжээг хүртээсээр байдаг билээ. Танаас бидэнд заяасан бүхнийг бид Таныхаа хайр халамжинд даатгаж,  Өөрийн мэргэн ухаандаа багтаасан сайн сайхан бүхнийг бидэнд хайрлахыг Танаас хичээнгүйлэн гуйя. 
	Эзэн тэнгэр минь, бүхнийг харагч Таны мэлмийд өртсөн бүхий л муу зүйлээс намайг авран хамгаална уу.  Чухамхүү аливааг давах хүч тэнхээ Танд л орших, аливааг ялан дийлэх чадал Таны оршихуйгаас л ундрах бөгөөд Та л бүхнийг захирагч билээ. Бурханы таалалд оршсон бүхэн биелж, Түүний хүсэл зоригт багтаагүй бүхэн хэзээ ч үл биелнэ. 
	Хамгаас Өргөмжит, Бүхнээс Хүчирхэг Бурханд хорогдохоос өөр юунаас ч хүч чадал шавхах боломжгүй билээ.

-The Báb
-----------------------

ХАМГААЛАЛТ (#10692)

Аяа, тэнгэрлэг Зөн билигтэн минь, бид өрөвдөлтэй, бидэнд Өөрийн тусламжийг хайрла.  Орох оронгүй тэнүүлчин бидэнд орогнох байр олгож, тарж бутарсан биднийг нэгтгэж, төөрч будилсан биднийг Өөрийн сүрэгт багтааж хайрлана уу.  Хохирч гачигдсан бидэнд хувь хишиг тасалж, цангасан биднийг Амьдралын булаг шанд руу хөтлөн аваачна уу.   Бид сул дорой, Таны Үйл хэрэгт тусалж, удирдамжийн замналд өөрсдийгөө амьд золиос болгохын тулд биднийг бэхжүүлж хайрлана уу.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХАМГААЛАЛТ (#10693)

Тэрээр Бурхан билээ!  Бурхан тэнгэр минь! Та бол дорой хүмүүст Туслагч, ядуучуудыг Тэтгэгч, Танаас тусламж эрсэн арга тасарсан хүмүүсийн Аврал билээ.
	Би нэн хүлцэнгүйгээр Таны үзэсгэлэнт хаант улсын зүг гараа сунган залбирч, дотоод сэтгэлийнхээ үгээр Таныг наминчлан ийнхүү хичээнгүйлэн гуйнам: Бурхан минь, Бурхан минь!  Таныгаа хайрлан бишрэхэд минь тусалж, Танд үйлчлэх бодь биеийг минь батжуул.  Тандаа ёсчлон зүтгэхэд минь ивээлээ хайрлаж тусал, Танд туйлбартай дуулгавартай байлгаж, хайр хишгийнхээ элбэг хурыг миний дээрээс буулгаж, элэгсэг хайрынхаа харцыг миний зүг тусгаж, намайг өршөөлийнхөө далайд умбуул.  
	Таны Шүтлэгт үнэнч байхад минь тусалж, үл эргэлзэх итгэлийн бүрэн дүүрэн хэмжээг надад хайрла.  Чингэвээс би ертөнцөөс бүрэн чөлөөлөгдөж, туйлын бишрэлээр Таны дүр царайнд өөрийн нүүр царайг хандуулж, нотолгоо гэрчлэлийн хүч чадлаар батжиж, сүр жавхлан ба хүч чадлаар бялхан хурмаст тэнгэр хийгээд газар дэлхийн аль ч бүс нутгийн хажуугаар өнгөрөн одно.  Та үнэнхүү Энэрэнгүй, Хамгаас Гоо жавхлант, Нигүүлсэнгүй, Өрөвдөн хайрлагч билээ.
	Эзэн тэнгэр минь!  Эд нар бол амь биеэ золиосолсон баатрууд болон тэрхүү буянт хүмүүсийн дундаас амь гаран үлдэгсэд билээ.  Тэд бүхий л зовлонг гэтлэн давж, шударга бус явдалтай тулгарахдаа тэвчээр гаргаж чадсан хүмүүс билээ.  Тэд бүхий л амар тайван, элбэг дэлбэг амьдралаасаа татгалзан, Таны хайрын замналд аймшигт зовлон гачигдлыг баяр баясгалантайгаар угтан авсан бөгөөд одоо ч гэсэн дайснуудынхаа гарт хоригдож, хатуу ширүүн тамлалд байнга тарчлан, Таны шулуун шударга замаар туйлбартай явсныхаа төлөө хавчигдсаар байна.  Тэдэнд туслах хүн нэг ч үгүй, найзлан нөхөрлөх хүн нэг ч үгүй байна.  Доорд, муу хүмүүсээс өөр хэн ч тэдэнтэй үл харьцаж байна.
	Эзэн тэнгэр минь!  Энэ хүмүүс энэ  насныхаа амьдралд гашуун зовлонг амсаж, Таны үзэсгэлэнт гэрэл царайг хайрлахын бэлэгдэл болгож, дарангуйлагчдын тэдэнд учруулсан элдэв доромжлолыг Таны тэнгэрлэг хаант улсад хүрэх тэмүүлээрээ тэвчиж өнгөрөөсөн билээ.
	Эзэн тэнгэр минь!  Тэнгэрлэг дэмжлэг, түргэн ялалтын тухай шад мөрөөр тэдний сонорыг баясгаж, аймшигт хүчний хавчлагаас тэднийг аварч хайрла.  Тэд Таны ариун гэгээн чанарын нууцсыг өвөртөө хадгалан Таныг хайрлах сэтгэлдээ бүрмөсөн автаж, Таны үүд хаалганы өмнө номхон даруу зогсож, Таны өргөмжит оронд хүрч чадсан тул Та муу санаатны гарыг саатуулан барьж, улайрсан араатнуудын шүд, саварт тэднийг бүү хэлмэгдүүлээч. 
	Эзэн тэнгэр минь!  Шинэ сэтгэл итгэлээр тэдэнд хүч нэмж хайрла.  Шөнийн харанхуйд Таны гайхамшигт нотолгоог олж хартал тэдний мэлмийг гийгүүл.  Өөрийн мөнхийн нууцсын хаант улсын элбэг буян бүхнийг тэдэнд хайрла.  Тэднийг дэлхийн бүх газар нутгийг гийгүүлэгч од мичид, үүрийн гэгээний сэвэлзэх салхиар найгагч, үр жимсээр дүүрэн Бурханы мод, мөчир мэт болго.
	Та үнэнхүү Хайр хишигтэн, Хүчтэн, Хамгаас хүчирхэг, Хязгааргүй эрх мэдэлт билээ. Хамгаас Гоо жавхлант, Хэзээд өршөөнгүй, хайр ба элэгсэг халамжийн Бурхан Танаас өөр Бурхан үгүй.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХАМГААЛАЛТ (#10694)

Бурхан минь! Бурхан минь! Өөрийн итгэлт шадар зарц нараа элдэв шунал, тачаалаас хамгаалан хайр халамжийнхаа гярхай мэлмийгээр тэднийг харж хандан, хорт санаа, үзэн ядах явдал, атаа жөтөөнөөс өмгөөлөөч.  Өөрийн хайр ивээлийн халдашгүй бат цайзанд тэднийг орогнуулж, эргэлзээ тээнэгэлзлийн дайралтаас хамгаалан, Өөрийн гайхамшигт шинж тэмдгийн илэрхийлэл болгож, Таны тэнгэрлэг эв нэгдлийн Үүрийн Туяанаас цацран гэгээрч байгаа туяагаар тэдний нүүр царайг гэрэлтүүлж хайрлаач.  Таны ариун орноос туурвин нээсэн шад мөрүүдээр зүрх сэтгэлийг нь баясгаж, алдрын диваажингаас гарч байгаа хамгийг чадагч хүч чадлаараа тэдний биеийг бэхжүүлж хайрлаач. 
	Та бол Хамгаас Буян хишигт, Хамгаалагч, Хамгийн Хүчит, Өршөөнгүй билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХАМГААЛАЛТ (#10695)

Эзэн тэнгэр минь!  Хүмүүс өвчин зовлонд хүрээлэгдэж, гай бэрхшээлээр дүүрэн байдгийг Та мэдэх билээ.   Сорилт шалгуур бүр хүнийг дайрч, аймшигт гай зовлон бүр хорт могойн адил хүнд халдан довтолдог билээ.  Гагцхүү Таны халамж хамгаалалт, нөмөр нөөлгийн далавчин дор хорогдохоос өөр аврал, өөр арга хүнд үгүй. 
	Энэрэлт Бурхан минь!  Эзэн тэнгэр минь!  Өөрийн хамгааллыг миний хуяг, Өөрийн өмгөөллийг миний бамбай, Таны нэг нэгдмэл чанарын үүд хаалганы өмнө даруу хүлцэнгүй байх сэтгэлийг минь миний хамгаалагч, Таны асран хамгаалах хүчийг миний хорогдох цайз, миний орон гэр болгож хайрлана уу.  “Би” гэсэн үзэл болон хүсэл шуналын өнгөлзлөгөөс намайг хамгаалж, өвчин зовлон, сорилт шалгуур, гай бэрхшээл бүхнээс намайг өмгөөлөн аварч хайрла.
	Үнэнхүү Та бол Хамгаалагч, Асран тэтгэгч, Өмгөөлөгч, Хангагч бөгөөд үнэнхүү Та бол Хамгаас Нигүүлсэгчдийн дундаас Хамгийн Нигүүлсэнгүй нь билээ!

-`Abdu'l-Bahá
-----------------------

