ТУСЛАМЖ (#10678)

Бурхан минь ээ!  Таны шадар зарц нарын үйл хэргийг дэгжээн бадрааж, хот тосгодыг хөгжүүлэн цэцэглүүлэх үйлсэд минь туслахыг Таны нэн гайхамшигт Алдар нэрийг барин би хүсэж байна.  Та чухамхүү бүхий л зүйлсийг дийлэх чадалтай билээ!

-Bahá'u'lláh
-----------------------

ТУСЛАМЖ (#10679)

Миний Бишрэл, миний Хаан, миний Хүсэл мөрөөдөл болсон Бурхан минь!  Тандаа талархсан сэтгэлээ үгээр яаж илэрхийлнэ вэ?  Сэрэмжгүй байхад минь Та намайг сэрээлээ.  Танаас нүүр буруулсан байхад минь Та намайг Өөрийнхөө зүг хандуулан өгөөмөр хайраараа тусаллаа.  Намайг үхсэн мэт байхад амьдралын рашаан усаар Та амилууллаа.  Намайг гандаж ядарсан байхад Хамгийн Энэрэлт Бийрээс тань ундарсан айлдварынхаа тэнгэрлэг горхины усаар Та намайг сэхээн амьдрууллаа.
Тэнгэрлэг Зөн билигтэн минь!  Оршин буй бүхэн чухам Таны хайр ивээлээр бүтсэн тул өгөөмөр сэтгэлийнхээ ундрагаа тэднээс бүү татгалзаач.  Энэрэл нигүүлслийнхээ далайгаас ч тэднийг бүү тусгаарлаач.  Ямар ч цаг үед, ямар ч нөхцөл байдалд намайг тэтгэн дэмжихийг би Танаас гуйн мөргөж, ивээлийн тэнгэрээс тань Таны өнө эртний буян хишгийг хичээнгүйлэн эрнэм.  Та үнэнхүү хайр хишгийн Эзэн, мөнхийн орны дээд Эзэн нь билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

ТУСЛАМЖ (#10676)

Хэлэгтүн: Бурхан хамаг бүхнийг тэтгэдэг бөгөөд тэнгэр диваажинд ч, газар дэлхий дээр ч Бурханаас өөр тэтгэгч байхгүй.  Үнэнхүү Тэрээр Өөрөө Бүхнийг мэдэгч, Тэтгэгч, Хүчирхэг нь билээ.

-The Báb
-----------------------

ТУСЛАМЖ (#10677)

Эзэн тэнгэр Бурхан минь, Таны Алдар нэрийг магтан өргөмжилье!  Та бол үнэнхүү үл үзэгдэх бүхнийг Мэдэгч билээ.  Хамаг бүхнийг багтаасан Өөрийн Эрдэм мэдлэгээр хэмжиж чадах арвин их хувь буяныг бидэнд заяаж хайрлана уу.  Та бол бүхнийг эзэгнэгч Эзэн тэнгэр, Хамгаас Хүчит, Хамгаас Хайрт билээ.   
Эзэн тэнгэр, Тандаа бүхий л магтаалаа зориулъя!  Товлогдсон тэр Өдөр бид Таны гоо жавхланг эрэлхийлж, бидний Эзэн тэнгэр болох Тандаа бүхий л итгэл найдвараа даатгах болно.  Бурхан минь, Таны алдар бадартгуай!  Танаас өөр бусад бүх зүйлээс хамааралгүй болж чадахын тулд бидэнд зохистой сайн сайхан зүйлийг хайрлана уу.   Үнэнхүү Та бол бүхий л ертөнцүүдийн Эзэн тэнгэр билээ. 
Бурхан минь! Таны өдрүүдэд зовлон бэрхшээлийг тэвчээртэйеэ даван туулж буй хүмүүсийг магтан шагнаж, Үнэний замаар гуйвалтгүй замнахад нь тэдний зүрх сэтгэлийг хатуужуулж хайрла.  Тэднийг Таны гялбаат Диваажинд нэвтрүүлж чадах буян хишгээ хайрлаач, Эзэн тэнгэр минь.  Та хамгаас Өргөмжит билээ, Эзэн тэнгэр Бурхан минь.  Амьдран суугчид нь Танд итгэн сүсэглэсэн тэдгээр гэр орон дээр Өөрийн хурмастын адислалаа буулгаж хайрлана уу.  Та тэнгэрлэг адислал хайрлахдаа үнэнхүү давагдашгүй билээ.  Бурхан минь, үнэнч шавь нараа ялалтанд хүргэх хүчнүүдийг илгээж хайрлана уу.  Та Өөрийн хүсэл тааллын дагуу бүтээлт юмс үзэгдлийг зарлиг лүндэнгийнхээ хүчээр бүтээн цогцлуулдаг билээ.  Та бол үнэнхүү Эзэгнэгч, Бүтээгч, Хамгаас Мэргэн. 
Хэлэгтүн:  Бурхан бол үнэхээр бүхий л зүйлсийг Бүтээгч юм.  Тэрээр хүссэн хүндээ арвин их тэтгэмж хайрладаг болой.  Тэрээр Бүтээгч, хамаг амьтны Эх үүсвэр, Зохион бүтээгч, Хамгаас Хүчит, Бүтээн байгуулагч, Хамгаас Мэргэн билээ.  Тэрээр тэнгэр диваажин ба газар дэлхий даяар, мөн тэдгээрийн хоорондох орчинд хамгийн гайхамшигт нэр алдрыг Хүртэгч билээ.  Бүгд Түүний зарлигийг дагана, газар дэлхий ба диваажингийн бүх оршин суугчид Түүнийг магтан дуулна, чухам Түүнд л хамаг амьтад эргэн очно.

-The Báb
-----------------------

ТУСЛАМЖ (#10680)

Эзэн минь!  Бид өрөвдөлтэй, бидэнд Өөрийн хишгээ хайрлаж хүртээнэ үү.  Бид ядуу, Өөрийн барагдашгүй эд баялгийн далайн өчүүхэн хэсгээс бидэнд хүртээж хайрлана уу.  Бид гачигдаж дутагдсан, бидний хэрэгцээг хангаж хайрлана уу.  Бид өчүүхэн дорой, Өөрийн сүрлэг алдраас бидэнд хүртээж хайрлана уу.  Агаарт нисдэг жигүүртэн, тал хээрийн араатан амьтад өдөр бүр Танаас идэш хүртэж, хамаг амьтан Таны хайр ивээл, халамжит сэтгэлд умбан байна.
Өөрийн гайхамшигт хайр хишгээ сул дорой надаас бүү татгалзаач, Өөрийн буян хишгээ арчаагүй дорой надад Өөрийн хүч чадлаар хүртээж хайрлана уу!
Бидэнд өдөр тутмын талх хайрлаж, амьдралын хэрэгцээг арвижуулж хайрлана уу.  Ингэснээр бид зөвхөн Танаас л хамаарч, зөвхөн Тантай л харилцаж, Таны замаар замнаж, Таны шидэт суу билгийг зарлан тунхагладаг болохсон.  Та бол Хамгийг чадагч, Энэрэл хайрт, бүхий л хүн төрөлхтний хэрэгцээг Хангагч билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ТУСЛАМЖ (#10681)

Эзэн тэнгэр минь, Бурхан минь!  Таны Шүтлэгт бат итгэл сүсэгтэй байж, Таны замаар алхалж, Таны Үйл хэрэгт хатуу үнэнч байхад нь хайрт шавь нартаа туслаач.  Хувиа хичээх, шунах хүслээ даван дийлж, тэнгэрлэг сургаалын гэрлээр замнахад нь тэдэнд ивээлээ хайрла.  Та болбоос Хамгаас хүчтэн, Хамгийг ивээгч, Дангаар оршигч,  Хишиг хайрлагч, Нигүүлсэгч, Хамгаас чадалтай, Хамгийн Ивээлтэн билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ТУСЛАМЖ (#10682)

Эзэн тэнгэр минь!  Бид сул дорой, биднийг тэнхрүүлж хайрла.  Бурхан минь, бид мунхаг, бидэнд эрдэм мэдлэг хайрла.  Эзэн тэнгэр минь, бид ядуу, бидэнд баялаг хайрла.  Бурхан минь, бид үхсэн мэт, биднийг амьдруул.  Эзэн тэнгэр минь, бид доромжлол гутамшгийг амсана, Биднийг Өөрийн оронд мандуул.  Эзэн тэнгэр минь, хэрэв Та бидэнд тусалбал бид гэрэлтэх од мичид мэт болох билээ.  Хэрэв Та бидэнд туслахгүй юм бол бид газар шорооноос ч дор болно. Эзэн тэнгэр минь!  Биднийг тэнхрүүлж хайрла.  Бурхан минь! Бидэнд ялалт авчир.  Бурхан минь!  “Би” гэсэн үзлээ ялан дийлж, хүсэл шуналаа даван дийлэхэд маань тусал.  Эзэн тэнгэр минь! Материаллаг ертөнцийн хүлээснээс биднийг ангижруулж хайрла.  Эзэн тэнгэр минь! Ариун Сүнсний амьсгаагаар биднийг амьдруулж хайрла.  Чингэвээс бид Танд үйлчлэхээр эгцлэн босч, Таныг сүсэглэн бишрэх буяныг бүтээж, туйлын чин сэтгэлээр Таны хаант улсад өөрсдийгөө зориулах болмой.  Эзэн тэнгэр минь, Та бол Хүчирхэг билээ.  Бурхан минь, Та бол Өршөөнгүй.  Эзэн минь, Та бол Нигүүлсэнгүй билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

