МАЦАГ (#10723)

*(Мацаг барих хугацаа нь 3 дугаар сарын 2-ноос 3 дугаар сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.)

*“Китаб-и-Акдас” сударт айлдсан нь: “Бид та нарт нас бие гүйцсэн [15 нас] цагаасаа эхлэн мөргөл үйлдэн мацаг барихыг айлдан захирамжилж байна.  Үүнийг та нарын Эзэн тэнгэр, өвөг дээдсийн тань Эзэн тэнгэр Бурхан захирамжилсан болой.... Аялж яваа, өвчтэй байгаа хүмүүс, хөл хүндтэй эсвэл хөхүүл хүүхэдтэй эхчүүд мацаг барих албагүй..... Нар мандахаас нар жаргахын оронд хоол унднаас татгалзагтун.  Судар номонд айлдсан энэхүү буян хишгээс хүртэхэд тань дур хүсэл тань саад болохвий хэмээн болгоомжил.”
 

*“Учир нь, энэхүү биет мацаг нь оюун санааны мацгийн бэлэг тэмдэг юм, өөрөөр хэлбэл бие махбодийн дур хүслээ тэвчин оюун санааны хүсэл тэмүүллийн шинж чанарыг олж, хурмастын анхилуун тансаг үнэрт татагдаж, Бурханы хайрын галд дүрэлзэн асах явдал юм.”
*Абдул-Баха

-Bahá'u'lláh
-----------------------

МАЦАГ (#10724)

Бурхан минь, энэ бол Таны хайрт шавь нартаа дагаж мөрдөхийг захисан Мацагийн анхны өдөр билээ.  Өөрийн “би” үзэл болон хүсэл шуналын улмаас юмуу эсвэл Таны хилэгнэлээс эмээсэндээ биш, харин гагцхүү Таны бишрэлт Бие болон Таныг хайрласандаа мөн Таны хүсэл таашаалд нийцэхийг хүссэндээ л мацаг барьсан түүний нэрийг барин, Таны нэн гайхалтай алдар нэрс ба эрхэмсэг шинж чанаруудад сөгдөн би хүсэх минь:  шадар зарц нараа Танаас өөр бусдыг хайрлах хайраас ариусгаж, тэднийгээ Таны гэрэлт дүр царай цацарсан Үүрийн Туяа руу хийгээд Таны нэг нэгдмэл чанарын сэнтийн Суудал руу ойртуулж хайрлана уу.  Бурхан минь, Өөрийн эрдэм мэдлэгийн гэрлээр тэдний зүрх сэтгэлийг гийгүүлж, нүүр царайг нь Өөрийн Хүсэл зоригийн тэнгэрийн хаяанаас цацрах Үүрийн Цолмонгийн цацрагаар гялбуулан гэрэлтүүлнэ үү.   Та таалсан бүхнээ хийх чадалтай билээ.  Хамгаас Алдар жавхлант Танаас өөр Бурхан үгүй, бүх хүмүүс гагцхүү Таны л тусламжийг гуйн залбирдаг билээ.  
Бурхан минь, Таны ялалтыг байгуулж, Таны Үгийг өргөмжлөхөд тэдэнд тусалж хайрлана уу.   Тэднийг Таны шадар зарц нарын дунд Таны Үйл хэргийн мутарууд болгож, хүн төрөлхтний дотор Таны шашин ба Таны шинж тэмдгүүдийг нээн илрүүлэгч нар болгож, улмаар бүхий л дэлхий ертөнцийг Таны дурсамж ба магтаал, Таны нотолгоо гэрчлэлэлээр дүүргэхэд нь тэдэнд тусалж хайрла.  Та бол үнэнхүү Хамгаас Буянтан, Хамгийн Өргөмжит, Хүчирхэг, Чадалтай, Энэрэнгүй билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

МАЦАГ (#10725)

Бурхан минь, Бурхан минь, Таныгаа алдаршуулан магтъя!  Энэ бол Өөрийн сонгомол шавь нар, хайрт хүмүүс болон шадар зарц нартаа дагаж мөрдөгтүн хэмээн Таны айлдсан Мацагийн өдрүүд билээ.  Таны эв нэгдлийг хүлээн зөвшөөрсөн тэдгээр хүмүүст заавал үйлдэх мөргөлийг дэвжин дээшлэхийн шат болгосны адилаар Та Мацагийг Өөрийн хаант улсын хүмүүст гэрэл гэгээ нь болгосон билээ.   Бурхан минь, бурангуй үзэлтний ов заль, хорон санаатны хорт явуулгаас хамгаалан Өөрийн шашныг аюулгүй байлгахыг бүхий л хүн төрөлхтний алдар гавъяа, нэр төр болгон захирамжилсан энэхүү хүчирхэг хоёр баганыг тань барин би гуйж байна.  Эзэн тэнгэр минь, Өөрийн хүч чадал ба Өөрийн үлэмжийн сүр хүчээр нээн тодруулсан гэрэл гэгээгээ бүү халхлаач.  Тэгээд Танд жинхэнэ ёсоор итгэсэн тэдгээр хүмүүст Өөрийн зарлиг ба эрх хэмжээгээр нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх сүнснүүдийн хүчээр тусалж хайрлана уу.  Хамгаас Хүчтэй, Хамгийг Чадагч Танаас өөр Бурхан үгүй.

-Bahá'u'lláh
-----------------------

МАЦАГ (#10726)

Бурхан тэнгэр минь, Таныгаа магтан алдаршуулъя!  Бид Таны зарлигийн дагуу Мацаг барьж, одоо Таны хайр ба сайн сайхан хүсэл санаагаар түүнээ тайлж байна.  Бурхан минь, Танаас өөр бусад бүхнээс чөлөөтэйгээр Таны Үйл хэрэгт нүүр царайгаа хандуулан гагцхүү Таны гоо үзэсгэлэнгийн төлөө Таны замналд бидний хийж гүйцэлдүүлсэн ажил үйлсийг хүлээн авч соёрхоно уу.   Тэгээд бидэнд болон бидний өвөг дээдэст, мөн Танд болон энэхүү нэн агуу, нэн цог жавхлант Үүдэл нээлтэнд агуулаастай Таны хүчирхэг шинж тэмдэгт итгэсэн тэдгээр хүмүүст өршөөлөө хайрлана уу.   Та сонгосон бүхнээ хийх чадалтай билээ.  Та бол үнэнхүү Хамгийн Өргөмжит, Хүчирхэг, Хязгааргүй эрх чөлөөт билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

