ГЭРЛЭЛТ (#10625)

*“Бахайн гэрлэлт бол хоёр хүний хоорондын эвийн холбоо бөгөөд элэгсэг нөхөрсөг сэтгэлийн харилцаа билээ.  Гэхдээ тэд бие биеийнхээ зан араншинг сайтар таньж мэдэхийг туйлын ихээр чармайх хэрэгтэй юм.  Энэхүү мөнхийн холбоосыг бат бөх гэрээгээр баталгаажуулах учиртай агаад үүний зорилго нь эв эе, хайр нөхөрлөл, эв нэгдлийг хөхүүлэн дэлгэрүүлж, өнө мөнхийн амьдралд хүрэх явдал болой.”
Абдул-Баха

*“Китаб-и-Акдас”-т (Хамгаас Ариун Судар) заасны дагуу сүйт хархүү, бүсгүй хоёр Оюун Санааны Чуулгаас зөвшөөрсөн дор хаяж хоёр гэрчийн өмнө гэрлэлтийн тангараг болох дараах шад мөрийг ээлжлэн хэлнэ. Үүнд:

*“Бид бүгдээр чухамхүү Бурханы хүсэл тааллыг дагана.”


Тэрээр Хишиг Хайрлагч, Буянтан билээ!
Өнө Эртний, Үүрд Орших, Хувиршгүй, Мөнхийн Бурханаа магтан дуулъя!  Тэрээр үнэнхүү Цорын ганц, Тусгаар оршигч, Хязгааргүй чөлөөтэй, Өргөмжит болохоо Өөрийн Биеэр гэрчилсэн Нэгэн билээ.  Бид чухамхүү Түүнээс өөр Бурхан үгүй гэдгийг гэрчилж, Түүний нэг нэгдмэл чанарыг хүлээн зөвшөөрч, Түүний цорын ганц болохыг наминчлан өгүүлж байна.  Тэрээр Өөрийн эрхэмсэг дээд чанарын оргилд, Өөрөөс нь өөр хэний ч алдар дурсагдахаас ариуссан, Өөрөөс нь өөр хэний ч дүрслэлээс чөлөөтэй,  хэний ч хүрч чадахааргүй тэр өндөрлөгт хэзээд оршиж ирсэн билээ.  
Тэгээд хамаг амьтанд буян хишиг, өршөөл энэрлээ үзүүлэхийг хүсэж, дэлхий ертөнцөд эмх журам тогтоохыг хүсэхдээ Тэрээр дагаж мөрдөх ёс, хууль журмаа бүтээн нээсэн билээ.  Тэдгээрийн дотор Тэрээр гэрлэлтийн хуулийг тогтоосон бөгөөд гэрлэлтийг сайн сайхан аж байдал ба авралын цайз болгож, Өөрийн Хамгаас Ариун Судартаа түүнийг бидэнд ариун дагшин тэнгэрээсээ доош илгээсэн болой.  Тэрээр ийнхүү айлдсан бөгөөд Түүний алдар бадраг:  “Аяа, хүмүүс ээ, Миний шадар зарц нарын дотор Намайг дурсан санах тэр хүмүүн та нарын дундаас төрөх болтугай хэмээн  гэрлэцгээ.  Энэ болбоос та нарт айлдах Миний зарлиг лүндэнгийн нэг бөлгөө, өөрсдөдөө ач тус болохын тулд түүнийг дагагтун.”

-Bahá'u'lláh
-----------------------

ГЭРЛЭЛТ (#10626)

Тэрээр Бурхан билээ!  Аяа, хосгүй Эзэн тэнгэр минь!  Бүхнээс хүчит мэргэн ухаандаа Та энэхүү ээдрээт дэлхий ертөнцөд хүмүүсийн үр удам олон үе дамжин амьдарч, энэ дэлхий оршсоор байсан цагт тэд хэзээд Таны нэг нэгдмэл чанарын Босгоны өмнө мэндийн үг, итгэл бишрэл, ерөөл магтуутайгаар үйлчлэн зүтгэж, залбиран сүсэглээсэй гэсэндээ Та хүмүүст гэр бүл болохыг айлдсан билээ. “Намайг шүтэн бишрээсэй гэсэндээ Би сүнс ба хүмүүнийг бүтээсэн бөлгөө.” 
Тиймээс Та Өөрийн хайрын үүрнээс гаралтай энэ хоёр шувууг Өөрийн энэрэл нигүүлслийн тэнгэрт гэрлүүлж, тэднийг ашид мөнхийн буян хишгийг татах арга  хэрэгсэл болгож хайрлана уу.  Чингэвээс хайрын энэ хоёр далай нэгдсэнээр энхрий зөөлөн сэтгэлийн давалгаа долгиолон бялхаж, өөрийн гүнээс амьдралын эрэг рүү цэвэр ариун, эрхэм сайхан сувдан эрдэнэсийг гаргамой.
“Тэрээр энэ хоёр далайг хооронд нь уулзуулахын тулд ундруулсан юм.  Тэдний хооронд давж гаршгүй нэгэн саад тотгор буй.  Тиймээс Эзэн тэнгэрийнхээ ямар хишгийг та нар үгүйсгэх юм бэ?  Хишиг бүхнээсээ Тэрээр том жижиг сувдан эрдэнэсийг хайрладаг юм.”
Энэрэлт Эзэн тэнгэр минь! Энэ гэрлэлтийг шүр, сувд эрдэнэс гаргадаг болгож хайрлана уу.   Та бол үнэхээр Хамгаас хүчтэй, Хамгаас агуу, Хэзээд өршөөнгүй билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ГЭРЛЭЛТ (#10627)

Бурхан минь, Таны алдар бадартугай!  Үнэнхүү Таны энэ шадар зарц, энэ шадар шивэгчин хоёр Таны энэрлийн сүүдэр дор цуглаж, Таны ивээл, өгөөмөр сэтгэлээр нэгдэн нийллээ.  Эзэн тэнгэр минь!  Өөрийнхөө энэ ертөнцөд болон Хаант улсдаа тэднийг дэмжин тусалж, Өөрийн буян хишгээр тэдэнд сайн сайхан бүхнийг заяаж хайрла.  Эзэн тэнгэр минь!  Таны төлөө зүтгэх үйлсд нь тэднийг батжуулж, Танд үйлчлэхэд тэдэнд туслаач.  Тэднийг Таны ертөнцөд Таны Алдар нэрийн бэлэгдэл болгож, энэ дэлхий хийгээд ирээдүйн ертөнцөд шавхагдашгүй хишиг ивээлээрээ тэднийг хамгаалаач.  Эзэн тэнгэр минь!  Тэд Таны өршөөл энэрлийн хаант улсыг горилон, Таны хосгүйн орчлонг хүсэн залбирч байна.  Тэд чухамхүү Таны зарлигийг мөрдөн гэр бүл боллоо.  Он цагийн эцэс хүртэл эв эе, эв нэгдлийн бэлэгдэл болоход нь тэдэнд тусал.  Та бол үнэнхүү Үлэмжийн эрх мэдэлт, Хаа ч оршигч, Хамгийн хүчтэй нь билээ!

-`Abdu'l-Bahá
-----------------------

