АНГИЖРАЛ (#10615)

Эзэн тэнгэр минь!  Би Танаас орогнол хүсэж, зүрх сэтгэлээ Таны бүх бэлэг тэмдгийн зүг хандуулж байна.  Эзэн тэнгэр минь!  Би аялж явахдаа ч, гэртээ байхдаа ч, ажлаа хийж байхдаа ч бүх итгэл найдвараа Танд зориулдаг.  Хайр ивээлээрээ зүйрлэшгүй Та, намайг бүхнээс хамааралгүй болоход минь хүртээмжтэй тусламжаа хайрлаач!  Эзэн тэнгэр минь, Өөрийнхөө хүсэл тааллаар надад хувь хишиг хайрлаж, Таны санаа зоригоор ногдуулах тэр хувь тавилангаар сэтгэл хангалуун явахад минь тусална уу.  Таны айлтган захирах эрх хэмжээ туйлын дээд билээ.

-The Báb
-----------------------

АНГИЖРАЛ (#10616)

Бурхан минь, миний Эзэн тэнгэр, миний Эзэнтэн!  Би өөрийн төрлөөс ангижран, Таны тусламжтайгаар энэ газар дэлхий дээр орших бүхнээс хамааралгүй болохыг, Таны мэлмийд таашаагдах бүхнийг хүлээж авахад ямагт бэлэн байхыг эрэлхийлэн хүсэж байна.  Өөрөөс тань өөр юунаас ч үл хамааралтай болох тэр буяныг надад үзүүлж, хэмжээлшгүй ач тусынхаа арвин их хувийг надад хүртээж хайрла.  Та үнэхээрийн элбэг дүүрэн хайр ивээлт Эзэн тэнгэр билээ.

-The Báb
-----------------------

АНГИЖРАЛ (#10617)

Бурхан минь, Бурхан минь!  Бүхнээс ангижрахын рашаанаар аягыг минь дүүргэж, сүр жавхлан, буян хишгийнхээ орчинд Таныг хайрлах хайрын дарсаар намайг баясган цэнгүүлнэ үү.  Намайг дур хүсэл, шуналын хүлээснээс чөлөөлж, энэхүү доорд ертөнцийн чөдрийг надаас таслан, Өөрийн оройн дээд орондоо намайг урин татаж, ариун гэгээн амьсгалаараа Өөрийн шадар шивэгчин нарын нэг болгон намайг сэргээн амьдруулна уу.  
Эзэн тэнгэр минь, хайр хишгийнхээ гэрлээр нүүр царайг минь гэрэлтүүлж, бүхнийг номхотгогч хүч чадлын тань шинж тэмдгийг хардаг болгон харах нүдийг минь гийгүүлж, бүхнийг хамарсан эрдэм мэдлэгийнхээ суу алдраар зүрхийг минь баясгаж, сэтгэлийг сэргээгч дүүрэн баярт мэдээгээр сэтгэлийг минь жаргааж хайрлана уу, энэ дэлхий хийгээд дээд тэнгэрийн Эзэн хаан, хүчирхэг, эзэрхэг Эзэн тэнгэр Та минь ээ.  Тэгэх ахул, би Таны шинж чанар, бэлэг тэмдгийг түгээн цацаж, Таны Үйл хэргийг тунхаглаж, Таны Сургаалыг хөхүүлэн дэлгэрүүлж, Таны Хуулинд хүчин зүтгэж, Таны Үгийг өргөмжилж явахсан билээ.
Та бол үнэнхүү Хүчирхэг, Хамгаас Өгөөмөр, Бүхнийг чадагч, Хязгааргүй чадалтан билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

АНГИЖРАЛ (#10618)

Бурхан минь, Бурхан минь! Та бол миний Итгэл Найдвар ба миний Хамгаас Хайрт, миний дээд Зорилго ба Хүсэл мөрөөдөл билээ!  Намайг Өөрийнхөө нутагт Таны хайрын сүм, Өөрийн бүтээсэн амьд бүхний дотор Таны эрдэм мэдлэгийн дэнлүү, Өөрийн эзэмшил ертөнцөд тэнгэрлэг буян хишгийн туг далбаа болгож өгөхийг би Танаас туйлын номхон хүлцэнгүй, туйлын сүсэг бишрэлтэй байдлаар залбиран гуйя. 
Танаас өөр бүхнийг огоорч, энэ дэлхийн зуурдын зүйлсээс өөрсдийгөө ариутгаж, элдэв хоосон хүсэл шохоорхлыг өдөөгч дуу хоолойтны нөлөөнөөс чөлөөлөгдсөн тийм шадар зарц нарынхаа тоонд намайг оруулж хайрла.
Таны хаант улсаас ирэх ивээл баталгааны сүнсээр миний зүрх сэтгэлийг баяр цэнгэлээр дүүргэж, Таны бүхнээс хүчит алдрын орноос над дээр ээлж дараалан бууж буй тэнгэрлэг тусламжийг үзүүлэн мэлмийг минь баясган гийгүүлнэ үү.
Үнэндээ Та болбоос Бүхнээс хүчтэй, Хамгийн гайхамшигт, Хамгаас хүчирхэг билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

